Nice бүхнийг эндээс

”Баавгай” хочиндоо хайртай

2012-02-23 10:39

“Сингапур 2010” залуучуудын олимпийн аварга, залуучуудын ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Баатарзоригaийн Батцэцэгтэй спортын бус сэдвээр ярилцсан юм.  
-Олимпийн аварга маань багадаа ямархуухан хүүхэд байсан бэ?
-Эцэг эхээсээ гурвуулаа, айлын том хүүхэд. Дороо хоёр охин дүүтэй. Байнга үймүүлж явдаг, хүн шоглодог, эрэгтэй хүүхэд зодчихдог, дүрсгүй хүүхэд байсан. Ер нь эрэгтэй хүүхдийн ажлыг хийх дуртай, хурдны морь унадаг, сагсны тэмцээнд эрэгтэйчүүдийн багт л тоглоно шүү дээ. Багаасаа банди нартай тоглож, найзалж нөхөрлөсөн болохоор эршүүд талдаа. Ер нь нийт найзуудын маань 85 хувь эрэгтэй хүүхдүүд гэхэд хилсдэхгүй. Зарим хүн эсрэг хүйстнүүд яагаад ч сайн найз болж чадахгүй гэдэг. Миний хувьд тийм биш, харин ч банди нар охидоос илүү сайн найз байж чадах юм шиг санагддаг.

-Анх хэрхэн барилдаж эхэлснээ сонирхуулахгүй юу. Мэдээж эрэгтэй хүүхдүүдтэй барилдаж өссөн байлгүй?
-Бага ангид байхад хүүхдүүд хоорондоо ноцолдож, тийрэлцэж тоглодог шүү дээ. Би дунд нь орчихсон л хөвгүүдтэй ана мана үзэлцээд явах. Тэгж яваад тавдугаар ангид ордог жил Мөнхбаяр багш “Чи чөлөөтөөр барилдаж үзэх үү” гэсэн санал тавихад нь хүлээж аваад секцэнд нь орсон. Манай найз Цэнджав бид хоёр багшийнхаа анхны эмэгтэй шавь нар болсондоо баяртай байдаг. Мөнхбаяр багш маань “Та хоёр минь миний эрхий хуруу юм шүү” гэдэг.
Эрэгтэй хүүхэдтэй барилдаад хаяж байсан тохиолдол зөндөө бий. Намайг есдүгээр ангид байхад дээд ангийн маань ах надаар ангиа угаалгах гээд болдоггүй. Тэгэхээр нь “Хоёулаа ганц барилдчихъя. Ялагдсан нь нэгнийхээ ангийг угааж өгөх мөрийтэй шүү” гэж барилдаад хаячихсан. Тэр ах унахдаа хамраараа ширээний өнцөг мөргөж, их эвгүй унасан.

-Удам сударт чинь барилддаг хүн бий юү?
-Ойрын талаас лав байхгүй. Харин надаас хоёр гурван үеийн өмнө овооныхоо наадмыг гаднын хүнд алддаггүй ах дүү хоёр байсан гэдэг юм билээ.

-Яагаад “Баавгай” гэдэг хочтой болсон юм бэ?
-2009 оны өсвөр үеийн Азийн АШТ-д явах гээд Сөгнөгөрт бэлтгэл хийж байхад манайхан надад энэ хочийг өгсөн юм. Бэлтгэл дуусаад “ОО” руу алхаж явтал араас хэн нэг нь “Пээх, энийг хар даа. Яг л баавгай шиг баацаг баацаг гээд алхаж явааг нь ээ” гэж шоолсноос хойш ийм хочтой болчихсон. Анхандаа ингэж дуудуулах тун дургүй байлаа. Багшдаа хэлтэл “Харин ч сайхан юм биш үү. Наад нэрээ түлхэж бус тосоод ав” гэсэн. Одоо бол “Баавгай” хочиндоо хайртай, бүр дасчихсан гэхэд болно. Дэвжээн дээр гарахдаа “Би чинь баавгай шиг бяртай байх ёстой” гэж зоригоо чангалаад гардаг. Яагаад ч юм тэгэх тусам бяр орох шиг санагддаг.

-Эрэгтэй хүүхэд зодож байснаа яриач?
-Наймдугаар ангид байхад манай найз охиныг нэг банди дээрэлхээд байдаг байсан юм. Тэгэхээр нь түүнийг сургуулийн дотуур байрны буланд аваачиж байгаад хэд хэд цохиод авсан. Багш мэдчихсэн хэрнээ тэр бандийн буруу байсан болохоор тэр үү юм дуугараагүй.

-Хообий гэвэл?
-Өө, их олон хообийтой. Тэмдэг, зоос, чулуу цуглуулна, фото зураг авах дуртай. Энд тэнд явахдаа багийнхныхаа хоол идэж байгаа, ухаангүй унтаж буй... алиа зургуудыг нь дарна. “Наадахаа устга” гэхээр “Санамсаргүй байхад нь авсан зураг гоё шүү дээ. Олон жилийн дараа үзэж байхад дурсамжтай” гээд устгалгүй харин ч угаалгаад альбомдоо хийчихдэг. Зодоонтой, фантастик кино үзэж, аймшгийн ном зохиол унших дуртай. Хамгийн сүүлд “Буг чөтгөртэй таарсан хүмүүсийн яриа” цуврал 14 номыг бүгдийг нь уншиж дуусгасан.
Чөлөөт цаг гарвал дуу цээжилж, шүлэг зохионо. Тэмцээн уралдаанаар явахад эгч нар зогсоож байгаад дуулуулна. Дуулж чадахгүй загнуулдаг байсан. “Чи тамирчин болъё гэж бодож байвал шүлэг, дуу оролдох хэрэгтэй” гэж эгч нар сургана. Бас өдрийн тэмдэглэл хөтөлнө. Сэтгэлээс гарсан бүх юмаа тэмдэглэл болгож хөтөлдөг. Гэхдээ бичиж дуусангуутаа нэг уншчихаад ураад хаячихдаг.
Мөн уул хадаар зугаалж, самар жимсэнд явах дуртай. Намайг багад манайх Мэлхий хадны ойролцоо зусдаг байсан юм. Аавтайгаа хойд талын уул руу самранд байнга явна. Нэг удаа самрын модонд гарчихаад хартал хажуугийн мод илүү их самартай харагдаад. Буухаас залхуураад сармагчин шиг дүүлж дүүлж байгаад нөгөө мод руу чинь үсэрчихсэн. Тэгтэл аавд баригдаад зөндөө их загнуулсан. Шөнө нь аав намайг мод руу авирч байна гэж хар дарж зүүдлээд “Хөөе, үхлээ ш дээ” гээд хашгираад босоод ирсэн. Тэрнээс хойш аавын нүдийг хариулж байгаад мод руу үсэрдэг болсон.

-Боловсролын их сургуульд суралцаж байгаа бил үү. Ямар мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа хэрэг вэ?
-МУБИС-ийн БТДС-д биеийн тамир-эрүүл мэндийн багш мэргэжлээр суралцаж байна. Одоо хоёрдугаар курс. Нэг үгээр хэлбэл биеийн тамирын багш, дасгалжуулагч, тамирчин, эрүүл мэндийн багш гэсэн дөрвөн мэргэжлийг нэг дор эзэмшинэ. Мэргэжлээрээ ажиллаж Мөнхбаяр, З.Дүвчин багш нар шигээ олон сайн шавь төрүүлнэ гэж боддог.

-Очиж үзсэн улсуудаас чинь хамгийн их таалагдсан нь?
-Нийтдээ Азийн голдуу 10 гаруй оронд очиж үзсэн юм байна. Тэр дундаас Индонез, Сингапур хоёр их таалагдсан. Өглөө босоод гүйж байхад гудамжныхаа шороог тоос сорогчоор соруулж байгааг нь хараад ёстой ангайсан шүү. Одоохондоо Европын орнуудаар явж үзээгүй л байна.

-Ямар стилиэр хувцасладаг вэ?
-Багаасаа банди нар шиг хувцаслаад сурчихсан. Пүүз, жийнснээсээ салахгүй. Хааяа шөнө орой ганцаараа явж байхад хүмүүс анзаарахгүй амар шүү дээ.

-Согтож үзсэн үү?
-Өнгөрсөн жил Сингапурын залуучуудын олимпод түрүүлчихээд тэндээ бяцхан тэмдэглэсэн юм. Цагаан, улаан вино холиод уугаад байсан чинь муудаад унтчихсан байсан. Тэгж л анх удаа согтож үзсэн дээ. Өмнө нь манай найзууд сагсны тэмцээнд түрүүлээд баяраа тэмдэглэхэд нь уухгүй ч гэсэн байнга дагаж явдаг байсан. Тэгээд тасарчихсан найз нараа гэрт нь хүргэж өгдөг байлаа.

-Олимпийн аварга болчихоод ирэхэд хүмүүсийн хандлага их өөрчлөгдөх юм уу?
-Хүмүүсийн харьцаа хандлага маш их өөрчлөгддөг юм билээ. Бараг долоо хоног үүлэн дунд хөвж байгаа юм шиг л байсан. Дараа нь амьдрал хэвийн голдиролдоо ороход нөгөө нэг тойрон хүрээлээд, найзалж танимхайраад байдаг хүмүүс чинь сураггүй болчихдог юм билээ.

-Чамайг авто осолд орсон гэж сонссон?
-Автобусанд суугаад явж байтал хажуугаас нэг машин маш хурдтай гарч ирээд мөргөчихсөн. Толгойгоороо төмөр мөргөж унаад босч ирэхэд цус гарч байлаа. Намайг осолд орсныг дуулаад багш маань Налайхаас гялалзаад хүрээд ирсэн. Тэгээд эмнэлэгт очтол “Зүгээр байна” гээд явуулсан юм. Удалгүй нуруугаар өвдөөд бэлтгэл хийхэд хүндрэлтэй болж ирлээ. Өвчин намдаах эм хэрэглэсээр байгаад Азийн аваргад явж медаль авч ирчихээд ДАШТ-д явах гэсэн чинь өвдөөд болдоггүй ээ. Гүрийж байгаад залуучуудын ДАШТ-д оролцсоныхоо дараа эмнэлэгт үзүүлтэл нурууны сэртэн яс сэтэрсэн байсан. Хайхрахгүй ахиад жаахан явсан бол тэр яс нь зөөлөн эд рүүгээ ордог аюултай юм билээ. Одоо хөнгөвтөр бэлтгэл хийж, бэртлээ эмчлүүлж байна.

-Шашин шүтлэг хэр зэрэг вэ?
-Бөө шүтдэг. Бөө, шарын шашин хоёр эрс тэс биш, адилхан зүйл багагүй гэж боддог.

М.Оргил

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : zalxuu | Уншсан (77) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл